Дэлхийн монгол : Хүрлийн үеийн оршин суугчдын тухай хятад сурвалжийн мэдээ.

Хүрлийн үеийн оршин суугчдын тухай хятад сурвалжийн мэдээ.

Шар мөрнөөс Байгаль нуур хүртэлх Төв Азийн өргөн уудам хээр талд малжин амьдардаг нүүдэлчдийг эрт үедээ Гүйфан, Жун, Ди гэх зэргээр нэрлэн Хятад сурвалжид тэмдэглэжээ.

Хятад сурвалжуудад хятадын эртний улсуудтай нүүдэлчин аймгууд эрт үеэс харилцаатай байж, зарим үед урт удаан үргэлжилсэн дайн хийж байсан зэрэг баримтууд нь тэднийг хүчирхэг, зохион байгуулалт сайтай байсныг харуулдаг.

Нүүдэлчид ба хятадын эртний улсуудын хооронд болж байсан дайн байлдааны талаар хятад сурвалжуудад нэлээд тодорхой тэмдэглэн үлдээжээ. Тухайлбал, Шан улсын (МЭӨ XVI-XI) У дин хаан Гүйфанчуудтай байлдсан тухай хятад сурвалжуудад “У дин хааны 34-р он (МЭӨ 1221 он)-д хаан Гүйфан нарыг ялав”, “У дин хаан Гүйфанчуудтай дайтаж, 3 жил байлдан сая ялав” гэх зэргээр тэмдэглэн үлдээжээ. У дин хааны цэргийн жанжин нар болон У дин хаан өөрийн биеэр цэргээ удирдан Гүйфанчуудтай хэдэн жил дайтан байж ялалт байгуулсанаас үзэхэд энэ үед Гүйфанчууд нь нэлээд хүчирхэг байсан нь харагдаж байна.

Жоу улсын Кан вангийн үе болоход Жоу улсын ноёрхогчид Гүйфанчуудыг умар зүг шахах бодлого явуулснаас Жоу ба Гүйфанчуудын хооронд дайн байлдаан болж байжээ. Кан вангийн 25-р онд Жоу хийгээд Гүйфанчуудын хооронд томоохон дайн болж, энэ дайнд Гүйфанчууд ихээр яландан, 1 түм 3 мянган хүнээ олздуулжээ. Энэ үеэс хятад сурвалжуудад умар зүгийн нүүдэлчдийг ихэвчлэн Жун, Ди хэмээн нэрлэх болсон бөгөөд Му Зүюн Гүнгийн 33-р он буюу МЭӨ 662-оос өмнө голдуу Жун, МЭӨ 662 оноос хойш Ди гэж нэрлэх болжээ. Жоу улсаас Гүйфан хийгээд умардын Жун, Ди нарыг үргэлжлүүлэн дайлж байснаас үзэхэд тэдний хоорондын зөрчил тэмцэл мөн л хурц ширүүн хэвээр байв.

Му вангийн сүүл үеэс Жоу улсын дотоодод бослого тэмцэл өрнөснөөс умар зүг хийх довтолгоноо зогсоосон нь нүүдэлчид эргэн хүчирхэгжих нөхцлийг бүрдүүлэв. Умар зүгийн нүүдэлчдийн шахалтаас болж, Жоу улсын ноёрхогчид арга буюу зүүн тийшээ нүүдэллэн шилжин суусныг түүхэнд зүүн Жоу улс (770-221) гэж нэрлэдэг.

Ийнхүү нүүдэлчид ба Шан улс (МЭӨ XVI-XI)–ын хооронд болсон удаа дараагийн дайн хэдэн жил үргэлжилж, Шан улс болон түүний дараагийн Жоу улсын цэрэг удаа дараа ялагдаж байсан байх юм.

“Түүхэн тэмдэглэл”-ийн Хүннүгийн шастирт “Зе ке үхсэнд хөвгүүн Чунь Вэй түүний олон татвар эмийг гэгийгээ болгон авч, умар зүг дутаан нүүдэллэн малжаад хүньюй хэмээн нэрийдэв” гэжээ. Ийнхүү хятад сурвалжид хүннү нарыг Сягийн сүүлчийн хаан Зе Кегийн хүү Чун Вэгийн удам хэмээн баталдаг. Сурвалжийн энэ мэдээ нь бусад угсаатныг хятадын хаадаас гаралтай болгон бичдэг хятадын түүх бичлэгийн уламжлалтай холбоотой ч хятадын анхны төр, Сягийн үе (МЭӨ XXI-XVI)-д Хүньюй хэмээх нэлээд хүчирхэг аймаг оршин тогтнож Ся улстай харилцаж байсныг гэрчилж байна /8.50-51/. Хүннү нар нь эрт үедээ Хүньюй, Гүйфан, Жун гэх нэрийн дор хятад сурвалжид тэмдэглэгдэж байжээ. Тухайлбал, “Түүхэн тэмдэглэл”-ийн Жоу улсын цадигт “Хүньюй гэгч Жун ди...”, “Хүньюй хэмээгч жун овогтой болой” гэх буюу “Гүйфан жунууд” гэж тэмдэглэгдсэн байдаг.

Нөгөө талаар нүүдлийн мал аж ахуй хөгжин, нүүдэлчин аймгууд бий болсон нь тэдний нийгмийн хөгжлийг эрс түргэсгэж, овгийн байгууллын задралыг хурдасган, төр төстэй бүрдлүүд үүсэх үндсэн нөхцлийг бүрдүүлжээ. Үнэхээр МЭӨ II мянганы үед Төв Азийн нүүдэлчдийн дотор нийгмийн ялгарал хүчтэй явагдаж байсныг археологийн дурсгалууд нотолж байна. Тухайлбал, сүүлийн үед ихэнх судлаачид МЭӨ II мянганд холбогдуулан үзэж байгаа буган хөшөө нь үүний тодорхой илэрхийлэл юм. Нэг дор хэдэн арваар нь босгосон буган хөшөө, оршуулгын нүсэр байгууламжууд зэрэг жирийн хүмүүст зориулан босгох боломжгүй хэдэн овог аймгийн хүчээр босгох нүсэр байгууламжуудыг овог аймгийн сурвалжитнууд, цэрггийн жанжин нарын дурсгалд зориулан босгодог байсан нь үүнийг баталж байна /8.45/.

Нүүдэлчин овог айгуудын цэрэг эрс чинжаал, хутга, байлдааны зээтүү, илд, жад, бороохой, энгийн болон зүймэл нум сум зэргээс гадна бамбай, дуулга зэрэг хамгаалах зэвсэг өмсгөлтэй байсан төдийгүй зэвсэглэлийн чанараараа довтолгооны ба хориглолтын, хүнд ба хөнгөн морин цэрэг хэмээн ялгарах цэргийн төрөл нэгэнт бий болсон байжээ /29.68-76/. Энэ бүхэн Монгол нутагт оршин байсан хүрлийн үеийн нүүдэлчдийн нийгмийн хөгжил нэлээд өндөр түвшинд хүрснийг илтгэн харуулаад зогсохгүй тэдний аж ахуйн хөгжлийн ерөнхий дүр зургийг ч мөн нэгэн адил тодорхой харуулж байна.

Түүнчлэн монголын хүрэл, төмрийн түрүү үеийн эртний нүүдэлчдийн дунд овгийн байгуулал задарч, эцгийн эрхт ёс тогтож, тэдний амьдралд цэрэг эрс, дайн байлдаан чухал үүрэгтэй болсон нь археологийн дурсгалуудаар батлагдаж байна. Баатарлаг дайчдад зориулан босгосон дурсгал болох буган хөшөөнд тэдний өвч бүрэн зэвсэглэлийг дүрсэлсэн байдаг. Төмрийн түрүү үе гэхэд овгийн байгуулалын задрал улам бүр гүнзгийрч, аймгийн холбоод байгуулагдаж эхэлжээ. Төв Азийн нүүдэлчдийн дунд өрнөсөн угсаа-соёлын бүлэглэлүүдийн хоорондын хоорондын дайн байлдаан, суурьшмал хятадын улсуудын өмнө зүгээс түрэх шахалтыг тэсэж гарахын тулд овог аймгууд зайлшгүй нэгдэх шаардлагатай байсан.

Хятад сурвалжид янз бүрийн нэрээр тэмдэглэгдсэн Төв Азийн эртний нүүдэлчдээс Хүннү, Дунху, Усунь, Динлин, Юэжи зэрэг тав, зургаан том улс төрийн нэгдэл, бүлэглэл тодрон гарч аймгийн холбоо байгуулан энэ бүс нутагт ноёрхохын төлөө өрсөлдөн тэмцэлдэж эхэлжээ /8.47/. Дээрх аймгийн холбоодын аль нь түрүүлж төр улсаа байгуулан, нүүдэлчдийн дунд тэргүүлэх нь тэдний цаашдын хувь заяанд ихээр нөлөөлөх тийм сонголтын цаг үед ирсэн байлаа. Ийнхүү төмрийн түрүү үед Хүннү, Дунхугийн хүчирхэг аймгийн холбоод байгуулагдсан нь Төв Азийн нүүдэлчдийн аж ахуй, нийгэм, соёлын хөгжилд томоохон түлхэц болж, төр ёсны хөгжил дэвшлийн үндэс суурь болсон юм.

Угсаа гарвал, хэл, соёлын адилсал бий болж, угсаа-соёлын нэгдлүүд бүрэлдэн тогтоход Төв Азид бүрэлдэн тогтсон төр төстэй бүрдлүүд ихээхэн чухал үүрэг гүйцэтгэж, улмаар Төв Азид төдийгүй дэлхий дахинд нэр алдраа дуурсгасан хүчирхэг Хүннү гүрэн байгуулагдах нөхцлийг бүрдүүлж өгсөн билээ.

Хүннүгийн төр байгуулагдахаас өмнө МЭӨ 307 онд Хятадын Чжао улс Хүннүгээс ОрдосыГ булаахад удалгүй эргүүлэн авч чадсан ч МЭӨ 214 онд Цинь Шихуан жанжин Мын Тянийг 100 мянган цэрэгтэй хөдөлгөж Ордос, Хөх хот, Бугатыг эзэлжээ. Ингээд урд талаар нь цагаан хэрмийг нэмэн босгов. Хүннү улс анх байгуулагдах үедээ/МЭӨ 209 ОН/ 1 сая 200 орчим мянган хүн, 24 амгийн 24 түм орчим цэрэгтэй байжээ. Удалгүй Дунху, Юэгчи, Буриад, Тува, Хакас орчмын Хүньюй, Диплин, Гэгүнь, Кюэше, Цайли, баруун зүг Казакстаны Үсүн, Дорнод, Өрнөд, Туркстаны 36 том жижиг хотуудын урагш хөдөлж Ордосыг эргүүлэн авав. Цинь гүрэн тариачдын бослогоор мөхөж МЭӨ 206 онд Лю Бан тэргүүт Баруун Хань улс байгуулагдан хүчирхэгжив. МЭӨ 201 онд Модун Шаньюй 400 мянган морьт цэргээр баруун Ханийг дайлж МЭӨ 198 онд гэрээ байгуулж алба бариулах болсон. Гэвч МЭӨ 140 онд Хань улсын хаан Уди болж, Тэнгэр уулын араас морьд авчруулан, МЭӨ 90 онд 70 мянган морьт,100 мянган явган цэрэг хөдөлгөж,хүннүгийн Шаньюй Хүлүгийг ихэд сулруулсан ч ялагдсан байна. Энэ дайнаар Хүннү урд зүгийн зарим нутгаа алдсан байна.

Түүнчлэн хүннүгийн язгууртнууд зөрчилдөн Хань улсын вассал болов.

Гэвч Хятадад МЭ-9 онд Ван Мань сайд төрийг хүчээр авснаар 17 онд “Улаан хөмсөгтний бослого” гарч Хүннү нар ч дэмжиж, энэ далимаар нутгаа тэлж Хятадын зарим газар нутгийг эзлэн авчээ. Гэвч 46 онд Юй шаньюй нас барснаар язгууртнууд хоорондоо хагаралдан байлдаж Би шаньюйтай өмнөд, Пүнү шаньюйтай умард болон задарчээ. Хоорондоо удаа дараалан тулалдан, өмнөд нь хятадын дэмжлэгтэйгээр ялалт байгуулан Хятадын худалдаагаар хөлжиж байхад умард нь Сяньби, Ухуань нартаа цохигдон суларч байв. Умард Хүннү улам хямарч 85 онд 73 том овог нь хятадад дагаар орж 86 онд өмнөд шаньюй Шиги довтолж, 87 онд Сяньби нар умард шаньюй Юмог хороожээ. 89 онд өмнөд Хүннүгийн 30 мянган морьт цэрэг Хятадын 8 мянган морьт цэрэг, дараа жил нь Шиги 8 мянган Хүннү цөөн хятад цэргээр довтолж умард ордныг түйвээжээ. 93 онд умард Шаньюй Юйчжүгянь Хятадад мэхлэгдэж нас барснаар Ар монгол дахь Хүннү мөхжээ. Ар монголд үлдсэн 200 мянган өрхийн 100 мянга нь (Хуйянь овог) овог баруун тийш нүүж 350 оны үеэр Алануудыг эзлэн, 370-аад онд Доныг гатлан Остготуудыг цохиж 377 онд Ромын урд хилд тулж, 396-397 онд Сири, Месопотамаар дайран 420 онд Унгарт очжээ. Удалгүй Аттила (445-453) төр барьж тэр хавийн овгуудыг эзлэн, Визант гүрнээр алба бариулж, Ромтой үзэлцэж байгаад 451 онд Каталауны талд Ром, Герман, Францад цохигдон 453 онд Атилла нас барснаар Хүннү нарын төр улсын бүрдэл бутарчээ. Харин өмнөд хүннүчүүд Умардыг мөхсөнөөс хойш Умардыг баримтлагч Аньго Шаньюй, Хятадыг дэмжигч Шиги нарын зөрчлийн бай болов. 94 онд Хятадыг баримтлагч өмнөдүүд Аньгог алахад умардууд бослого гаргасныг Өмнөд хүннү, болон хөлсний Сяньби, Ухуань, Тангадын 40 мянган цэргээр Зүүн Хань улс даруулжээ. Тэр цагаас Хятадууд Өмнөд Хүннүг өөрийн мэдлийн муж мэтээр үзэж, дотоод хэрэгт оролцоход 304 онд Хүннүчүүд Лю Юанийг Шаньюйд өргөмжлөн тусгаарлаж 305 оноос Хятад руу дотлон эзэлж эхэлжээ. Түүний дараах Шаньюй улсаа Чжао гэж нэрлэв. Үүний хажуугаар Хүннү боолчууд Шилэгээр удирдуулан босч Бага Чжао улсыг байгуулан улмаар 388 онд Чжаог нэгтгэн умард Хятадад ноёрхох болов. Гэвч 349 онд Шихү шаньюйн өргөмөл хятад хүү бослого гарган Өмнөд Хүннүг мөхөөжээ.

Хүннүгийн үед цэрэг захиргааны 10-тын систем байсан бөгөөд хөнгөн морьт цэрэг нь гавшгай шалмаг, нум сум нь Хятадын алсын тусгалт бүдүүн хатуу нум сумаас ойр ч жирийн нум сумнаас нь хол, хүчтэй тусгалтай байжээ. Хан улс руу довтлохдоо 4 талдаа 4 өөр зүсмийн мориор дагнаж сүрийг үзүүлдэг байсан гэдэг.

Тактикийн хувьд давуу хүчтэй рүү гэнэт дайран олон удаа довтлон сульдаах, дайраад дийлэхгүй бол сарнин зугтаж, болзоот газраа бөөгнөрөн хүчээ сэлбэх, бөөндөө ухрах дүр үзүүлээд бүслэн цохих, ухарч байгаа дайсны ард алсуур шургаж гүн гуу жалга малтаад урдаас нь дайрах, тагнуулдах зэрэг олон арга байсан. Хүннүгийн зэр зэвсэг, хувцас, тактикийг Хятадууд өргөнөөр судалж, ашигладаг байжээ.

· Хянганы нурууны зүүн талаар нутаглах Сяньби нар Модуны үед Хүннүгийн эрхшээлд ороод хүч хавсран Хятадын Ляодун зэрэг зүүн, зүүн хойд мужуудад довтолдог байв. өмнөд Хүннү Зүүн Ханьд дагаар орж, Умард хүннү сулрахад Сяньби нар Хятадад элч илгээн дагаар оржээ. 93 онд Хятад, Ухуань, Өмнөд Хүннүтэй эвсэх Умард Хүннүг мөхөөж Ар монголд эзэн суужээ. 120-оод оноос Сяньбийн зүүн хэсгийн овгуудын ахлагч нар Ляадун, түүнээс цааш довтлон өмнөд Хүннү, Хятадтай байлдан хот тосгодын бэхлэлтийг сэтлэх арга техник дутмаг, тус тусдаа 1 түм орчим цэргээрээ тулалддаг зэргээс болж ухрахад хүрдэг байжээ. 133 онд Хятадууд Сяньбийн зүүн хэсэгт довтлон ихээхэн сүйтгэжээ. Олигтой хүчирхэг хаангүй байсан Сяньбийн зонхилогч нар 156 онд Өмнөд хүннү гаралтай 15-хан настай Тяньшихуайг хаанд өргөмжилжээ.

Сяньби 200 гаруй овог аймагтай, цэрэг зэвсэг нь Хүннүгээс боловсронгуй байв. 155-173 онд Тяньшихуай динлин, фүюй (манж-түнгүс) үсүн нарыг цохиж Хүннүгийн үеийн 14 мянган бээр газрыг эзэлж, 156-166 онд хятадруу үе үе довтолдог байв. Хятадууд тосон байлдахад зугтдаг, зугтахгүй байсан ч дийлддэггүй байжээ. Тэр үед 100 мянга орчим цэрэгтэй байсан ба эд барааны төлөө л Хятадад довтолдог байжээ. Иймээс 177онд Хань улсын хаан 3 жанжнаа Өмнөд Хүннүгийн Шаньюйн хамт 400 цэрэг өгч илгээсэн ч тэд 2/3 цэргээ алдан, хамаг эд зүйлээ Сяньбид олзлуулжээ. 178 онд Сяньби нар хариугаа аван Хятадад удаа дараа довтлов. 181 онд Тяньшихуай нас барснаар хэврэгхэн төр нь задарч эхэлсээр 235 онд Сяньби гүрэн нь Сяньби, Ухуань, Муюн, Тоба, Юйвынь, Түгүхүнь, Дуань зэрэг олон аймагт задарчээ. Энэ үед Хятад, Өмнөд хүннү нарын хүч сул байсан учир Ар монгол дахь Сяньбийн саланги овгуудруу тэр бүр довтолдоггүй байв. Харин Муюн, Тоба зэрэг овгууд хүчирхэгжин Их говь, Умард хятад руу анхаарал хандуулж байжээ.

Цэрэг захиргааны хувьд Хүннүтэй ижил боловч түрүү феодалын шинжтэй 10тын зохион байгуудадттай байжэ. Улсаа 3 хуваан тэр нь дотроо түмтээс аравт хүртэл задарч байжээ. Зэвсэг нь Хүннүгийнхтэй төстэй боловч илүү боловсронгуй болж, хэсэг хавтгай модыг /гэрэгэ/ зарлан дуудах, дайчлан татах тэмдэг болгодог байжээ.Байлдахын өмнө хөнгөн морин цэргийн тагнуул хийдэг, цэргээ 3 гар болгон дайтдаг байв.

· Их говийг тойрон нутаглаж байсан Жужан аймаг Тоба Вэй улстай тэрсэлдсээр V-VI зуунд Шэлүнь Их говиос хойших монгол, уйгур, түрэг аймгуудыг нэгтгэн, 402 онд Жужаныг байгуулж хаан ширээнд суужээ. Тэр Умард Хятадын Тангудын Цян улстай найрамдалт харьцаа тогтоон, Вэй улсын түрэмгийллээс хамгаалах түшиг болгож байв.

Жужан нь хүнд, хөнгөн морин цэрэгтэй, Хүннү маягийн нум сум, төмөр илд, жад, чулуу шидэгч дүүгүүрээр зэвсэглэдэг байжээ. Маш олон морьт цэрэгтэй, зэвсэг сайтай, зарим тохиолдолд морьдоо ч хуягладаг, ухрах, давших, зам буруулах, гэндүүлэх бүх л тактикийг хэрэглэдэг байж. Цамбагарав уулын Хар хадны урд энгэрт 10м өндөрт сийлсэн хуягт морь унасан хуягт цэргүүдийг Жужаны үетэй холбодог.

Жужаны довтолгооны бай нь Хятадад тогтож асан Тоба Вэй улс байв. Хоёул ээлжлэн довтлолцож, түйвээж байв. 429 онд Тобагийн хаан цэргээ удирдан Жужанд 2 замаар довтлон 1 сая агт, 300 мянган хүн олзолж, Датань хааныг зугтаалгасан нь Жужаны хүчийг ихэд сулруулжээ. Удалгүй найрамдсан ч 438, 443, 444, 449 онуудад Тобагийн хаан, Жужаны хүч суларсныг ашиглан удаа дараа довтолж, Жужан нар ч зайлж, бултаж байв. Гэвч сэхэл өгөлгүй 458 онд 100 мянган морьт цэрэг, 150 мянган явган цэрэг хөдөлгөн олон хүн, мал олзолж Жужаныг хойш зугтаалгаж байв. 460-470 оны довтолгоонд Жужан хориглож чадсан нь Тобад их сургамж болжээ.

534 онд тоба 2 хуваагдан хүч нь суларсан ч, Жужаны доторхи Уйгар, баруун талд нь нутагладаг Түрэгүүд хүчирхэгжин боссоор 555 онд Жужан улс мөхжээ.

· Алтайн нуруугаар нутаглан Жужанд төмрөөр алба барьдаг байсан Түрэгүүд Бумангийн үед хүчирхэгжин Жужаныг довтлон нутагт нь эзэн суужээ. Кигинь (Мугой) хааны үед Тогоон (Сяньби), Кидан , Гучин татарыг эзлээд баруун тийш Ижил мөрөнд тулжээ.

Түүний дараах Тобо хааны үед Хятадын Ци, Жоу улсаас алба авдаг байсан ба цэрэг зэвсэг, эдийн засгийн хувьд бэхэжсэн байна. Гэвч язгууртнуудын бие даах хүсэл эрчимжиж 582-603 онд Орхонд төвлөрсөн Дорнод Түрэг, Дундад Азид төвлөрсөн Баруун Түрэг болон задарч, тус бүр дотооддоо ч хямрах болжээ. Улмаар Хятадын Сүй, Тан улсуудын дотроос хагалах бодлого 630 оны довтолгооноос болж тангийн эрхшээлд 50 жилийн турш байжээ. Хожуу Түрэгийн үед Күтүлүг, Тоньюкук нар Уйгур луу дайран агт морь олзлоод, их хэрмийн дагуух Ордосоос зүүнших нутгийн хилийн шугамуудыг гэнэт довтолжээ. Энэ үед Хятадад төрийн эргэлт гарсан, Төвдтэй дайтаж байсан зэрэг нь түрэгийн бослогод дэм болжээ. Түүнээс хойш Можо хаан Умард хятадыг Кидан (696-697), өрнө зүг Чүйн овгуудыг (701) эзлэн нэгтгэв. 709 онд Тоньюкук Енисейн сав, Киргиз, 710-711 онд тюргешийн Долоон гол орчмыг эзлэв. Цааш Тюргэш нарыг мөрдөн Самаркандад тулж Арабуудтай тулалдан ялагдаж эргэн иржээ. Энэ үед Хятад төв азид ноёрхохыг санаархаж, Түрэгийн захиргаан дахь Кидан, Токуз, Огузууд бослого гаргаж байв. Капаган хааны зан авир догширч эхлэн харгислахад Карлук, Токуз, Огуз, Кидан нар эсэргүүцэн тусгаарлав. 716 онд хаан болсон Бегюг (Капаганы хүү) Культегин хороож ах Билгээг хаан болголоо. Ингээд Уйгур,Токуз, Огуз, Киданыг цохиж (718) Хянганыг эргүүлэн эзлэв. 720 онд Киданы морин цэрэг голлосон Хятадын довтолгооныг няцааж чадсан байна. Ингэснээр Хятадаас алба авах болжээ. Гэвч 731 онд Культегин, 734 онд Билгэ нас барснаар засаг ноёд зөрчилдөн Уйгур, Басмыл, Кидан нарт 745 онд ялагдан мөхжээ.

Улсын зүүн, баруун гэсэн цэрэг захиргааны 2 жигүүрт хуваасан байна.

V зуунаас Жужаны харъяанд байхаасаа л төмрийн хүдэр боловсруулж, зэвсэг хийдэг байсан болохоор энэ талаар өндөр түвшинд хүрсэн. Жишээ нь: 20 гаруй төрөл зэв, илд, сэлэм, жад,чичлүүр, хутга, сүм зэрэг зэвсэг, ялтсан хуяг, бамбай, морины хуяг, бамбай, шөрөг ихээр олддог.

· 744-745 онд Уйгур нь Басмыл, Харлуктай эвсэн Түрэгийг, 746-747 онд эдгээр холбоотнуудаа бут цохижээ. 745 онд Уйгурыг байгуулсан Пэйло хааны дараах Моюнчур хаан Умар зүг Киргиз, дорно зүг Киданыг довтолж эзэлжээ. 750, 751 онд Чик, Харлугт довтлон өнөөгийн Тува, баруун монголыг эзэлжээ. Улмаар хятадын дотоод хэрэгт оролцох болж, Тангийн эсрэг боссон Ань Лушаны бослогыг даран их шан олж байв. Гэвч Түвд, Харлуг, Киркизийн довтолгоон, дотоодын хямралаас болж мөхсөн байна.

Тэд ихэвчлэн өндөр дугуйтай тэрэгтэй явдаг учир Юань Вэй улсын /386-534/ үеэс өндөр тэрэг буюу Чилэ гэж нэрлэж байжээ.Хааны цэрэг, феодалуудын цэрэг нийлээд 4000 орчим байсан гэнэ.

· Енисей мөрөн, Саяны уулсын өврөөр нутаглах Киркизүүд 788 онд Уйгурт эзлэгдэн 80 жил дарлагдахдаа сүүлчийн 20 жил Араб, Харлук, Төвдтэй эвсэн идэвхтэй боссоны хүчинд 818 онд Киргизийн ноён өөрийгөө хаан өргөмжилжээ. 840 онд Ордубалыкийг эзлээд Уйгурыг нэхэн Монгол, Зүүнгар, Туркестаныг эрхэндээ оруулав. 847-848 онд Дорно зүгт Уйгурын хоргодсон Шивэйг эзлэв. Энэ бүхний эцэст Хар мөрнөөс Тэнгэр уул хүртэлх нутагтай болжээ.

30-80 мянга орчим цэрэгтэй, нарийн хийцэт нум, төмөр хошуут сум, үзүүртээ таних тэмдэг далбаатай гилбэр жад мэтийн зэвсэг, том бамбай гар хөлд бэхлэх модон даруулган хамгаалалттай байв. Хүлэг морьдоо ч мөн хуяглана.

Шар мөрөн Ляоси орчим нутаглаж байсан Хятан нар 7-р зууны эхэн гэхэд 10 аймгийн дотроос том нь 3000, жижиг нь 1000 цэрэг гаргана. 7-р зуунаас аймгийн холбоонд орж 43 мянган цэрэгтэй болов. 8-р зуунаас цэрэг морийг захирах илиг гэгч тушаал бий болж Диле аймгаас томилогдох болов.

917 онд Хятаны Елюй овгийн Амбагян гэгч хаан болоод улсаа залгамжлуулах болж улсаа өмнөд, умард 2 хувааж 50 мянган цэрэгтэй арми байгуулав. Ингээд 924 онд Киргизийг довтлон Хэрлэнгээс урагш, Алтайгаас зүүнтэйх газрыг Дорнод тэнгисийн Бахай, цааш Зүрчидийг эзэлжээ. Мөн 936, 946 онуудад Хятадад довтолж шар мөрний өмнөх газрыг эзлээд Сүн улстай найрамдаж, зүүн зүг Солонгосыг эзлээд, баруун, баруун хойд зүгт Уйгур, Тангудыг эзэлжээ. Гэвч 12-р зуунаас харъяаны улсууд босож 1113 онд Зүрчидүүд тусгаар тогтнож 1115 онд Алтан улсыг байгуулж 1118-1125 онд Сүнтэй хамтран Хятан улсыг мөхөөжээ. Хятан улс мөхөхөд зарим нь Дундад Азид очиж эзлээд Хар Хятан улсыг байгуулж Елүй Даши ван нь болов. Тэрээр Имиль дахь Түрэг, Харлук, Ханглы, Самаркандыг эзлээд Бухарт тулжээ. 1131 онд Гүр хаан болоод дараа жил Кашгар, Хотан 1142 онд Сельжүк, Хорезмийг эзлэв. 1143 онд Елүй Даши хаан нас барснаар Хар хятаны довтолгоо үндсэндээ зогсож Каракорумаас Арал тэнгис, Балхашаас Эрчис хүртэл нутагтай болжээ. Найманы Хүчүлэг Чингисээс зугтаж Баруун зүг зугтаад 1212 онд энд ирж хааныг алснаар Хар Хятан мөхжээ.

Чадварлаг цэргүүдээс бүрдсэн ордныг хамгаалах байнгын шадар цэрэгтэй. Улсын цэрэгт дайны бус цагт 50 хүртэлх насны хүмүүс алба хаах бөгөөд тэдэнд “алтан загаст гэрэгэ ” өгч дуудна.Цэргийн агт хүнс гаргуулахад “мөнгөн загаст гэрэгэ ” хэрэглэнэ.

start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)