Дэлхийн монгол : Манжид дагаар орсон нь

Манжид дагаар орсон нь

Манжид дагаар орсон нь

1616 онд монголын зүүн урд хэсэгт Зүрчидийн умард Алтан улс байгуулагдан хүчирхэгжиж, Мин улс Монголыг бутаргах бодлогоо баримталж, хойноос Орос түрэн орж ирж, Ойрадууд, Казак, Моголистантай байлдаж байх тэр эгзэгтэй нөхцөлд Лигдэн хаан Минтэй эвсэн Алтан улсыг цохих бодлого баримталжээ.

1619 онд Манж нар Мингийн хилд халдан Өвөр монголчууд Минд тусалсан нь Манжийн анхаарлыг Лигдэн өөртөө татах шалтгаан болжээ. Энэ дайнд Манж ялсан боловч Лигдэн түүнийг бассаар байжээ.

Манж нар Өвөрмонголын Харчин, Хорчин, Жаруд аймгуудтай ургийн холбоо тогтоон шан харамж өгч биедээ татсанаар өвөрлөгч ноёд Мингийн эсрэг байр суурьтай болжээ. Үүнд хорссон Лигдэн Хорчин руу цэрэг хөдөлгөсөн ч (1626) Манжид хөөгдөн ухарчээ.

Энэ үеэс Манж нар монгол ноёдыг элдэв аргаар биедээ татаж Мингийн эсрэг биш, Лигдэнгийн эсрэг эвслийг бий болгожээ. Гэвч Лигдэн Минтэй эвсэн Манжийг дарахын оронд эдийн ашиг харж албаа нэмэхийг л Мингээс шаардаж байлаа.

1632:4 сард Манжийн хаан өөрийн биеэр цэрэг удирдан зам зуур дагаар орсон ноёдтой эвсээд Хянганыг даван Лигдэнг цохихоор иржээ. Эндээс 2 монгол цэрэг оргон Лигдэнд мэдээ өгснөөр Лигдэн 10 түм гаруй иргэдээ аван Хөх нуур луу чиглэжээ. Манжийн хаан Абахай Хөх хот хүрээд буцах замдаа Цахарыг эзэлжээ. Лигдэн Хөх нуурт хүчээ сэлбэх, Түвдийн улааны шашныхантай хамтран шарын шашинтны эсрэг тэмцэх замаар сэргэхийг оролдсон ч замдаа цэцэг өвчнөөр 1634 онд 43 насандаа таалал төгсчээ. Лигдэн хаан нас барснаар өвөр монгол ноёд эзэнгүй болж 1636 онд Манжид дагаар оржээ.

Манж, Халх монгол хоёрын дунд жийргэвч болж байсан Өвөр монгол Манжид дагаар орсоноор халхын хан ноёд эвтэй байж Манжийн эсрэг зогсох бодлого баримтлав. Гэвч Лигдэнгийн талаарх тэдний үзэл өөр байж Лигдэнг Цогт тайж гэх мэт цөөн ноёд л дэмжиж байжээ. Ялангуяа өвөрлөгч аймгуудаас Халхад дагаж орсон Үзэмчин, Сөнид ноёдын нөлөөгөөр Халхууд Лигдэнд ихэд таалалгүй хандах болжээ. Тэдний дунд Цогт тайж гадуурхагдан Хөх нуурын зүг Лигдэнтэй нийлэхээр явжээ.

Лигдэн Цогт тайж нар Улааны шашиныг баримтлагч нар, монгол төрийн тусгаар тогтнолын төлөө тууштай тэмцдэгээрээ нэгдэж байлаа. Цогт тайж Лигдэнтэй нийлж чадаагүй хожимдсон ч 1634 оны эцсээр Хөх нуурт ирж түмдийг цохин Түмэн Хулачи ноёныг эрхэндээ оруулаад, Амдуг эзлэн 4 түм цэрэгтэй болон хүчирхэгжжээ. Гэвч 1635 онд түвдийн шарын шашны лам нар 4 Ойрадоос тусламж гуйснаар Төрбайх гүүш тэргүүтэй хүмүүс мөргөлчний дүрээр Түвдэд ирж, нэг түм цэрэгтэй Арслан тайжийн сэтгэлийг хувируулан эцгээс нь урвуулжээ. Гүүш Төрбайх нутагтаа эргэн ирээд цэрэг авч 1637 онд Хөх нуурт очин Цогт тайжийг байлдан авчээ. Ийнхүү Хөх нуурт бэхжин, улааны шашныхантай эвсэн шарын шашныхан ,Манжийнхны эсрэг тэмцхийг зорисон Лигдэн, Цогт нарын тэмцэл харамсалтайгаар дуусчээ. Дээрх дайн нь өргөн утгаараа шашны цэрэг, улс төрийн эвслүүдийн хоорондох томхон мөргөлдөөн байсан боловч Төв азид шарын шашныг бүр мөсөн тогтоож өгчээ.

Төрбайх гүүш Хөх нуурыг эзэлсний дараа 1639-1640 онд Кам орныг, 1641-1642 онд Үй, Цан орныг эзэлжээ. Төрбайх гүүш 1642:3:15 түвдийн хаан болсоноор 1717 онд зүүн гар Лхасийг эзлэх хүртэл энэ нутаг хошуудын мэдэлд байжээ.

Энэ үед Ойрад хүчирхэг байсан ч дотооддоо хаан ширээний тэмцэл өрнөж байв. Ах Сэнгийг алагдахад нутагтаа эргэн ирсэн Галдан (1644-1697) тэрслэгсдийг ээлжэн цохисоор 1676 онд бүх Ойрадыг нэгтгэн Зүүн гар улсыг байгуулжээ. Тэгээд 1678-1680 онд Дорнод туркестан, Хами, Турфан, Кашгар, Яркенд, Сайрам, Самарканд, Бухарыг эзлэн 1681 онд Тэнгэр ууланд тулж очжээ. Манжтай худалдааны гэрээ хийхээр элч зарсан ч ойшоосонгүй.

Ийнхүү цэрэг эдийн засгийн чадамжаа нэмэгдүүлсэний дараа Монголчуудыг нэгтгэхээр 1688 онд Халхад цэрэглэн оржээ. Түшээт Хан Чахудорж, Сэцэн хан Норов нар Манжтай найрсаг харилцан хүнээ барьцаанд өгсөн, Галданы дайсан Очирт сэцэнийг дэмжсэн, Манжид зарсан элчийг нь алсан, Чахундорж зүүн гарын нутагт орсон зэргээр шалтагласан энэ довтолгооны цаад шалтгаан нь засагт хан Шартай хамтран Халхыг нэгтгэх, Манжийг хамтын хүчээр сөрөх зорилго байжээ. Ингээд Эрдэнэзуу орчим Чахундоржийн хүү Галдандоржийг цохиод дараа нь Төмөр гэдэг газар Чахундоржийг цохин зугтаалгасан байна.

Улмаар Сэцэн ханий нутгаар дамжин Сөнидийн нутаг руу одсон Занабазарыг хөөж гаргаад гүйцэхгүйгээ мэдэн эргэн ирж Олгой нуурт Түшээт ханы цэргийг олон хоног бүслэн байлджээ. Эндээс Түшээт хан арай хийн зугтан говийг гатлан Занабазартай нийлжээ. Тэд Манжийн нутагт очин хоргодож цэргийн тусламж авахыг зорьсон ч бүтсэнгүй. Галдан Халхыг Манжид оруулахыг огт бодоогүй, хүчээр давуу учир Халхыг өөртөө нэгтгэж дөнгөнө гэж тооцоолсон бол Чахундорж ч Манжийн нутагт орохдоо дагаар орохыг бодоогүй, Манжаас тусламж аваад эргэж Галдантай тэмцэнэ гэж бодсон нь аль алиных нь тактикийн алдаа байжээ. Халх- Ойрадын тэмцэл нь дотоодын хямрал бус манжийн хагалан бутаргах бодлогын үр дүн юм.

start=-48 , cViewSize=50 , cPageCount=1

2 сэтгэгдэл:

null
Хорлоо (зочин)

nadad mash ih taalagdaj bna aa undur setgegdeltei bna suuliin uyd zaluuchuud netees l buh zuiliig haidag bolson bolhoor medeelliig tovch buguud todorhoi bicheed busdad tugeej baigaa hun burt bayrlalaa gej helmeer bna

энхжин (зочин)

bidnii hicheeld ch gesen ih nemer oruulj bn aa bayrlalaa

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)