Дэлхийн монгол : Хархорум хотын түүх

Хархорум хотын түүх

Хархорум хотын түүх


Хотын гол хэсгийг тойруулан босгосон бэхлэлт хэрэм нь дөрвөн талдаа тус бүр нэг асар хаалгатай байсан ба Марко Пологийн мэдээгээр бол эргэн тойрны урт гурван бээр (4,92 км) хэмжээтэй байв. Археологийн шинжилгээний үр дүнгээс үзвэл хотын хэрмийн баруун хана 1500 метр, урд талын хана нарийн тодорхой бус, зүүн талын хана 1200, хойт хана 1100 метр урт болохыг тогтоожээ. Хотын баруун урд хэсэгт гадуураа дөрвөн талтай асар хаалгатай бат бэх хэрмэн дотор талд “Түмэн Амгалант” хэмээх алт эрдэнэс, шvр сувдаар чимэглэсэн хаант төрийн их ордон сүндэрлэж байв.

Ногоон зүлэг, цэцэг, навч алагласан Хархорум хотын хэрэм хойноос урагш, баруунаас зүүн тийш нэвт гарсан томоохон гудамжтай ба тэдгээр нь төв дундаа огтлолцож, хотыг дөрвөн тойрогт хуваагддаг байв. Үүнд нэгдүгээр тойрогт газар бүрээс ирсэн Мусульман худалдаачид, тэдний зах зээл голдуу, хоёрдугаар тойрогт Хятад худалдаачид, гар урчуудын зах зээл голдуу гуравдугаар тойрогт Эзэн хааны хатад, хөвгүүдийн орд харш болон Чингисийн Алтан ургийн ноёд дээдэс, их жанжидын байр, орд өргөө, дөрөвдvгээр тойрогт Будда, Христос, Лалын шашны сүм хийд, дипломат элч төлөөлєгчдийн буудал, мөргөлийн газар бүхий хот байгуулалтын хувьд нарийн зохион байгуулалтай том хот болжээ.

Олон тооны уран дархчуудыг авчирч ажиллуулснаас үзвэл монгол хаад Хархорумаа хөл ихтэй, хөгжил сайтай томоохон хот болгох гэж нилээд чармайж байжээ. Тухайн үеийн шилдэг уран дархчуудын бvтээсэн нэгэн томоохон бүтээл бол Түмэн Амгалант ордон дотор байрлаж, уран гоё хийцээрээ олон түмэнд шагшигдаж байсан Мөнгөн мод болно. Түүнийг бүтээх ажлыг Мөнх хаан Францын нийслэл Парис хотын алдарт уран дархан Вильгельм Бушьед хааны сангаас санхүүжилт хийж, 50 туслах дархан өгч бүтээлгэжээ. В.Бушье түүнийг 1254 онд хийж дуусгаад, уран барилгын хосгүй бүтээл Түмэн Амгалант хэмээх их ордны дотор талд, хааны сэнтийн өмнөх талбайд байрлуулан залжээ. Мөнгөн модны ёроолд тус бүрээс нь айраг олгойдон гарах цоргон амтай дөрвөн мөнгөн арслан байрлуулжээ. Модны дотуур оройд нь хvртэл дөрвөн босоо хоолой татаж, тэдгээрийн амсрыг доош унжуулан, тус бүрийн амсрыг алтан шармал могойн ам маягтай үйлдэж сүүлээр нь мөнгөн модыг ороолгон урлажээ. Эдгээр хоолойн нэгээс дарс, нөгөөгөөс дан айраг, гурав дахиас балын ундаа, дөрөв дэхээс террацина хэмээх будааны шар айраг гоождог байв.

Модны ёроол хавьд амттан ундааг юүлэх тусгай мөнгөн савнуудыг хоолой бүрийн дор тосон байрлуулжээ. Мөнгөн модны орой дээр бүрээ барьсан Ангель хэмээх тэнгэрийн элчийн дүрийг Вильгельм дархан урлан босгож модны доорхи газарт хүн далд орохуйц зоорь бэлдэн модны голоор Ангелийг хүртэл бас нэг цорго үйлджээ. Эхлээд тэнд тулман хөөрөг хийсэн авч тэр нь олигтой хөөрөгдөж чадсангүй. Ундааг сөгнөх үйлчлэгч нар тэнд бэлэн хүлээж зогсох ажээ. Модны мөчир, навч, жимс бvгдийг цул мөнгөөр урлажээ.

Дэлхийн гурван том шашин болох Будда, Христос, Лалын болон бөө мөргөлийн ёсны төлөөлөгчид нийслэлд тус тусын үйл ажиллагааг явуулж байсан бөгөөд 1254 онд Мөнх хаан Хархорум хотод Будда, Христос, Лалын болон бөө мөргөлийн ёсны төлөөлєгчдийг ирүүлэн дэлхийн түүхнээ анх удаа онолын маргаан зохион байгуулсан байна.
Мөнх хааны үед 1256 онд Хархорумд байгуулсан Буддагийн “Хин Өн Гэн” буюу “Их Асарт сvм”, “Читаван” зэрэг 12, Лалын 2, Христосын 1 нийт 15 тооны сүм дуган өөр өөрийн суртлыг номлож байжээ.

Эдгээр шашны болон иргэний сургууль, гэрийн буюу ордны сургууль соёлын газар, номын сан, архив, түүх судлах хүрээлэн Хархорумд ажиллаж байв. Их гүрний бүрэлдэхүүнд дээрх гурван гол шашинт улс, орнууд багтаж байсан болохоор тэдгээр шашинтны төвлөрсөн төлөөллийг нийслэлд буй болгох шаардлага урган гарчээ.

XIII зуунд Чингис хааны, үр ач нартаа нийт гүрний нутгийг хуваарилан өмчлүүлсэн тус тусын эзэмшил дээр Монголын хэд хэдэн улс буй болов. Тэдгээр нь Орос дахь “Алтан ордны улс”, Иран дахь “Иль хаадын” буюу анхны хааны нь нэрээр алдаршсан “Хүлэгүгийн улс”, Дундад Ази дахь “Цагадайн улс” хожим 1260 оноос Хятадад байгуулагдсан Монголын “Юан улс” зэрэг болно. Тэдгээр нь тухайн үеийн нөхцөл байдал, газар зүйн байрлалаас болж өөр өөрийн төв хоттой байв. Тухайлбал Ижил мөрний сав нутагт орших Батын Сарай, Бэрхийн Сарай, Иран дахь Монголын хаант улсын төв Тебриз мөн Цагадайн улсын нутаг Ферганд Андижан, мөн Бээжин, Багдад, Бухар, Самарканд зэрэг хотууд оршиж байв. Монголын хаад нийт гvрнийг Хархорум хотод төвлөрєн тэндээс удирдаж байсан болохоор их нийслэл нь мөн Хархорум байжээ.
Энэ бүхнээс дүгнэн үзэхэд XIII зууны үед Хархорум хот Ази-Европ, Араб дахины аянчин жуулчин, албаны түшмэд, ихэс дээдэс, эрдэмтэн мэргэдийг өөртөө даллан дуудсан дэлхийн соёл ирг‎эншлийг холбогч хотын үүргийг гүйцэтгэж байсан болох нь судалгааны явцад тодорхой болж байна.

Хархорин хотын орчмын түүх‎эн байгууламж, түүхт газрууд
Хархорин хотын орчим Д‎элхийн Өв-Орхоны Хөндийн Соёлын Дурсгалт Газар (ОХСДГ) нийт 121967 га газрыг ‎эзлэн оршиж байна. Эн‎э газар нутаг нь Өвөрхангай аймгийн Бат-Өлзий, Хужирт, Хархорин сум, Архангай аймгийн Хотонт, Хашаат сумдын нутагт хамаарах бөгөөд соёлын дурсгалт газрын ландшафт ангилалаар 2004 онд Д‎элхийн Өвд бүртг‎эгдсэн. Эн‎‎э газар нутагт байрлах түүх, соёлын дурсгалт газруудыг жагсаавал:

1.    ‎Хөшөө цайдам дахь Түрэгийн дурсгалууд - Хархорин хотоос зүүн хойт зүгт 45 км зайтай, Орхон голын баруун ‎эрэгт байрлана. Энэ нь Зүүн Түрэг улсын төрийн нэрт зүтгэлтэн Билг‎ээ хаан (683-734) болон Культегин (Түр‎эгийн цэргийн жанжин, Билгээ хааны дүү, 684-731) нарын дурсгалд зориулан босгосон хоёр цогцолбороос бүрд‎энэ. Эдгээр дурсгалууд Төв Азид манай эриний VI-VIII зуунд ноёрхож байсан Түр‎эгийн эзэнт гүрний хамгийн чухалд тооцогддог. Энэ дурсгал дээр бичигдсэн Түрэгийн руни бич‎ээс Төв азийн түүх, соёлын судалгаанд хосгүй үнэтэй мэдээллийг хадгалж байдаг.

2.    Хар балгас хотын туурь – Хархорин хотоос зүүн хойт зүгт 34 км зайтай, Архангайн Хотонт сумын нутагт байдаг. Эн‎‎э хотыг МЭ 761 онд Уйгарын хаан Тейлогийн ордныг барьж ‎эхэлснээр үүсг‎эжээ. Хар балгас нь Уйгурын ‎эзэнт гүрний засаг захиргааны төв, худалдаа эдийн засгийн тив хоорондын гүүр болж байжээ. Байгалийн маш үзэсгэлэнтэй газар байрладаг. Олонхи нүүд‎элчид хотоо тойруулан хэрэм барьж байгаагүй атал Хар балгаст ийм х‎эрэм барьж байжээ. 840 онд Х‎эргэсүүд довтолсноор ‎‎эвдэн сүйтгэгдсэн. Хот нь 5 х10 км газар нутгийг ‎эзэлж, хааны ордон нь 412 х 491 м хэмжээтэй байсан байна.

3.    Хархорум хотын туурь – Одоогийн Хархорин сумын нутаг дэвсгэр дотор, Эрд‎энэзуу хийдийн зүүн талд хаяа залган оршдог. Туурийн малтлагуудыг хийж буй.

4.    Эрд‎энэзуу хийд – Хархорин сумын төвд байрлаж буй. 1586 онд барьж ‎эхэлсэн. 108 суварга бүхий хэрмэн хашаатай. Бурхны шашны уран барилгын онцгой төрөл. Автай сайн хаан бурхны шашныг Монголд д‎элгэрүүлэх зорилгоор байгуулсан.

5.    Төвхөн хийд – Хархорин хотоос баруун зvгт 80 км, Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумаас хойш 20 км, Орхон голын хойт талд, Архангай Өвөрхангай аймгуудын зааг Төвхөн шир‎ээт уулын оройд байрладаг. Анхдугаар богд Өндөр Гэг‎ээн Занабазар байгуулсан. Бясалгал үйлд‎эх, уран бүтээл туурвих газраа болгож байжээ. Алдартай бурхадуудаа энд цутгасан г‎эгддэг.

6.    ‎Дойт толгойн ордны туурь – Архангай аймгийн Хотонт суманд Хархориноос хойш 40 км-т байрлана. 45м х 6м талбайд н‎элээд хэдэн барилгын суурь бүхий туурь юм. Энэ газар хавар шонхроор ан хийхдээ буудалладаг байсан Өгөөдэй хааны Гэгээн цагаан ордны туурь гэж үздэг.

7.    Хутаг уулын булш - Архангай аймаг Хашаат суманд буй. VIII эсвэл IX зууны үед хамаарах булшнууд юм. Эдгээр булшны гуравд нь археологичид малтлага хийж, бүсний чимэг, сийлбэртэй мөнгөн чимэглэл, төмөр хутга, алтан ээмэг, морины хэрэгсэл, S хэлбэртэй морины амгайвч, эмээлийн оломны төмөр арал, төмөр дөрөө, ясан дэгээ зэргийг олжээ.

8.    Талын дөрвөлжин дахь эртний хотын туурь - Архангай аймаг Хашаат сумын нутаг Хөгшин Орхоны ойролцоо оршдог. 100м х 80м-ийн хэмжээтэй дөрвөлжин хэлбэрийн шавар хэрэмтэй, хоёр талдаа хаалгатай хотын туурь юм. Хэрэмний баруун талаас 13 метрийн зайд 28х19 метрийн хэмжээтэй хорогдох газартай. Хэрэм дотор Хүннүгийн маягийн булштай.

9.    Хар Бондгорын эртний хотын туурь - Өвөрхангай аймаг Хархорин сумын төвөөс зүүн тийш 15 км, Энэ газраас XIII зууны үеийн барилгын дээврийн шаазан, бусад барилгын материал, шавар болон төмөр эд зvйлс олдсон. Нэлээд хэдэн барилга, түүний дотор суваргатай төстэй барилгын туурь буй.

10.    Баянголын амны эртний хотын туурь - Өвөрхангай аймаг Хархорин сумаас хойш 13 км, хоёр шавар барилгын туурьтай. Нэг нь Мэлхий толгойн ордны туурьтой их тастэй 110м х 80м, нөгөө нь 140м х125м хэмжээтэй нэлээд хэдэн жижиг барилгыг багтаадаг. Хөх саарал тоосго, дээврийн шаазан олдсон. Хөндийн төгсгөлд бие биеээсээ 100м-300м тусгаарлагдсан зургаан шавар барилгын туурь буй.

11.    Мэлхийт толгойн ордны туурь - Өвөрхангай аймаг Хархорин сум, Мэлхийт толгойн оройд оршдог 106м х78м хэмжээтэй дөрвөлжин хэлбэртэй шавар хананы үлдэгдэл юм. Энэ дурсгалыг зарим эрдэмтэд Хархорум хотыг байгуулах эх болсон гэж vздэг.

12.    Захын булгийн хэрэмний туурь - Өвөрхангай аймаг Хархорин сумаас зvүн урагш 5 км, 120м х 85м хэмжээтэй шавар хэрэм Майхан толгойн зүүн урд хэсгийн хоолойн оройд байрладаг. Нурангийн төв хэсэгт барилга байсан байж болох бага хэмжээний шаврын vлдэгдэл, хэрэмний нуранги буй. Түүхийн сурвалжаас үндэслэн 1238 онд Өгөөдэй хааны байгуулсан Тосху хот байсан гэж vздэг.

13.    Гүмбийн дэнжийн буган хөшөө болон эртний булшууд - Өвөрхангай аймаг Хархорин сумаас баруун тийш 10 км. Энд нэг дөрвөлжин булш, нэг дугуй булш, 10 гаруй зуйван хэлбэртэй сийлсэн чулуун далантай булш байдаг. Эдгээр булшны голд хүрэл зэвсгийн үеийн нар, сар, бамбай, илд, сүх, буга дvрсэлсэн буган хөшөөтэй.

14.    Нарийний амны дөрвөлжин ба овгор булш - Өвөрхангай аймаг Хужирт сумаас хойш 25 км. Хоолойн толгойд орших дөрвөлжин булш болон 10 гаруй булш шарил буй.

15.    Мэлхий чулуу дурсгал - Өвөрхангай аймаг Хархорин сумаас 25 км. Энэ мэлхий чулуун дурсгал Хархорум дахь Өгөөдэй хааны ордны дэргэдэх мэлхий чулуутай яг ижил бөгөөд энд чулууны дарханы газар байжээ.

16.    Майхан Толгойн Хүннүгийн ба дөрвөлжин булшууд - Өвөрхангай аймаг Хужирт сумаас хойш 30 км. Энд 30 гаруй Хүннүгийн булш, дугуй чулуун далантай хоёр том хиргисүүр, хүрэл зэвсгийн үеийн нэлээд хэдэн дөрвөлжин булш байдаг.

17.    Бэрхийн булан дахь эртний булшууд - Өвөрхангай аймгийн Хужирт сумаас зүүн хойш 20 км. Хүрэл зэвсгийн үеийн 10 орчим дөрвөлжин булш, хиргисүүр, Хүннүгийн үеийн 23 булш байдаг. Булшны малтлагын үеэр олсон эд өлгийн зүйлсийн дунд морины янз бүрийн яс, хөөнд харласан шаазан савны хэлтэрхийнүүд, морины төмөр амгайвч, морины уналгын бусад хэсэгсэл байв.

18.    Ар Бөөрөгийн эртний булшууд - Өвөрхангай аймгийн Хужирт сумаас хойш 20 км. Хүрэл зэвсгийн үеийн булшууд гэж тооцогддог.

19.    Хужиртын ам дахь Ордны туурь - Өвөрхангай аймаг Бат-Өлзийт сумаас баруун хойш 10 км. Энэ ордны туурийг Монголын эзэнт Гүрний үед хамааруулж үздэг.

20.    Орхоны хөндий дэх эртний булшууд - Өвөрхангай аймаг Бат-Өлзийт сум, Орхон голын баруун эргийг даган нэлээд хэдэн барилгын нуранги, булш, түүний дотор янз бvрийн дөрвөлжин, овгор булшууд буй.

21.    Орхон голын эхийн хадны сүг зураг - Өвөрхангай аймаг Бат-Өлзийт сум, Орхоны бага хүрхрээний ойролцоо хүрмэн чулуун хадан дээр нарийн судлагдаагүй сүг зургууд буй.

22.    Тэмээн чулууны Буган хөшөөний болон дөрвөлжин булшууд - Өвөрхангай аймаг Бат-Өлзийт сум. Энд 30 орчим гантиг чулуун дөрвөлжин булш, гурван буган хөшөөний цогцолбор юм. Эдгээр булшны заримд нь малтлага хийхэд үхэр, хонины яс, Түрэг ба Уйгарын vед хамаарах хээлсэн шаазан эдлэлийн хэлтэрхий олдсон.

23.    Ширээт уулын буган хөшөөнүүд - Өвөрхангай аймаг Бат-Өлзийт сум. Төвхөн хийдээс урагш 10 км, Буган хөшөөний цогцолбор байдаг. Одоогоор уг цогцолбор судлагдаагvй байгаа.

24.    Шанх хийд - Өвөрхангай аймаг Хархорин сумын Шанх багт оршино. 1647 онд байгуулсан Монголын анхны буюу өвгөн хийдийн туурь юм. Шашин шүтлэгийн зарим дуганыг сэргээсэн. Түүний зэргэлдээ орших Чингис хааны төрийн туг, сүлдний тахилгын өргөөний туурийг сэргээх шав тавих ёслолыг 1998 онд Монгол улсын Ерєнхийлөгч оролцон хийсэн.

25.    Шунхлай уулын эртний бүлэг булш, хиргисүүр - Өвөрхангай аймаг Хужирт сумаас хойш 1 км, Хүрэл зэвсгийн хожим, төмөр зэвсгийн түрүү үед хамаарах 100 орчим булш буй.

26.    Хангайн Овоо тахилгат уул - Өвөрхангай аймаг Хархорин сумын төвөөс хойш 10 км-ийн дотор Хангайн нурууны төгсгөлийн ‎эн‎э тахилгат уул эрт үеэс шүтэгдэж иржээ.

27.    Өндөр Сант тахилгат уул - Архангай аймаг Хотонт сум, Далайн төвшнөөс 2312 метр өргөгдсєн. Өндөр сант бол зөвхөн цагаан идээний тахилгат уул юм.
start=-49 , cViewSize=50 , cPageCount=1

1 сэтгэгдэл:

null
cdrella (зочин)

bayrlalaa

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)