Дэлхийн монгол : Эртний Сайхан - Төрийн Найрын Магнай Дуу

Эртний Сайхан - Төрийн Найрын Магнай Дуу

Эртний Сайхан - Төрийн Найрын Магнай Дуу

Найр хуримын ёслолын үндсэн хэсэгт 12 юм уу 32 айзам уртын дуу дуулдаг. Энэ ч үүднээс найр, хуримын эхэн төгсгөлд дуулах тусгай дуу бий болж, найр эхлэх дууг хууртай найранд “Хуурын маглай”, хуургүй найранд “Найрын магнай” гэж нэрлэх ба найр өндөрлөхөд дуулах дууг “Найр жаргаах дуу” гэдэг байжээ.

Найрын магнай болон Жаргаах дуу нь нутаг нутагт өөр байх ч “Төрийн төвч”, “Эрхэм төр”, “Хуурын магнай”, “Эртний сайхан”, “Түмэн Эх” зэрэг дуунуудаар найр эхлэх нь түгээмэл байсан байна. Гэхдээ ”Түмэн Эх” дууг жирийн найранд бус наадам эхлэх буюу наадмын найранд дуулдгаараа онцлогтой.

Эдгээрийн дотроос “Эртний сайхан” дуу нь хамгийн эртний гаралтай бөгөөд “Чингисийн төрийн дуулал” буюу “Сүлд дуу” хэмээн монгол зон ихэд хүндэтгэлтэй ханддаг байжээ. Гэхдээ энэ дуу нь анх гарсан тухайн үедээ “Эртний сайхан” хэмээн нэрлэгддэг байсан эсэх нь бас тодорхойгүй. Монголчуудын их эзнээ хүндэтгэх сэтгэлийн угаас ийм нэрийг хожуу авсан байж магадгүй.

1930-аад оны үеэс эл дууг дуулахаа бараг больж Магсархурцын Дугаржав Монгол дууны түүвэртээ хэвлэж үлдээсэн нь өнөө үед хүрч ирсэн байна. Дууны эхний бадгийн сүүлчийн мөр “ЯЗГУУРАН ЭЭЦ” гэж буй нь бичгийн хэлний үг бөгөөд ер нь найрын дуу, ерөөл, тууль зэргийн зарим үг хэлж дуулж байгаа хүн нь бичиг үсэг мэддэг, эс мэддэгээс үл хамааран бичгийн хэлний найруулга дуудлагатай байдаг нь эрхэмсэг хүндэтгэлийн аястай болгодог байна. Үүнийг академич Б.Ринчен өмөн бичгийн хэл гэсэн бөгөөд чухамдаа бол утга зохиолын хэлний аман хэлбэр ажээ.

“Эртний сайхан” дууны зарим мөр бадаг он цагийн уртад хувирч өөрчлөгдөн ялангуяа бурханы шашны нөлөө нэлээд орсон нь ажиглагддаг ч хамгийн сүүлчийн бадаг буюу 4 мөр анхны зохиосон эхтэйгээ тун ойролцоо байж магадгүй юм.

Эртний Сайхан
(Төрийн найрын магнай дуу)

Эртний сайхан ерөөлөөр
Энэ сайхан оронд нь
Эзэн Богд Чингис хааныхаа
Язгууран ээц язгуураас бүрдвээ хөө

Тэнгэр мэт заяатай
Тэгш таван оюунтай
Тэнүүн уужим зарлигтай
Тэнгэрийн минь үр сад билээ

Олон одны дундаас
Сарны гэрэл тодорхой
Олон хүмүүний дундаас
Яндар мэт чимэгтэй

Сүмбэр уулын оройгоос
Сүндэрлэж цацраад
Сүр жавхлан дэлгэрээд
Сүлд нь бат болтугай

Хамаг номын рашааныг
Ханахын чинээгээр хүртээд
Хаан эзэн Чингисийн өмнө
Хамт бүгдээрээ жаргая
start=-47 , cViewSize=50 , cPageCount=1

3 сэтгэгдэл:

null
oonoo (зочин)

Uneheeriin shn

адьяа (зочин)

монгол ардын ямар дууг хаана дуулж болох талаар бичвэл сайн байна. үгтэйн хамт

Готов (зочин)

Баяраллаа энэ дууны үгийг нь наанадаж бүх монгол хүн мэддэг байхсан. Эх оронч үзэл төлөвшхөд хэрэгтэй.

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)